Уул уулсын оргил Хан Богдын хормой, Ус усны эх хатан Туулын хөвөөнөө, Улсын Нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төв цэгээр нэрлэгдэх Хан-Уул дүүрэг.
Хан-Уул дүүрэг нь 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм. 1992 оны 9 дүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын районуудын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж шинэ бүтэц, зохион байгуулалт бүхий дүүргүүдийг байгуулсан байна.
Харин өнөөгийн байдлаар Хан-Уул дүүрэг 210 гаруй мянга гаруй хүн амтай, 56 мянга гаруй өрхтэй, 25 хороо бүхий засаг захиргааны нэгжид хуваагдан оршин суудаг. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмээрээ оруулсаар буй 23 мянга гаруй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчид, үйлдвэр, компани, нөхөрлөл, хоршоо, ЭКО дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байна.
Хан-Уул дүүрэг нь 48500 га нутаг дэвсгэртэй үүнээс 21.1 хувь буюу 10226 га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс, 11,3 хувь буюу 54 99 га нь хот суурин, зам хариулцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газар хамаардаг.
Тус дүүргийн бас нэгэн онцлог бол 42 мянга гаруй толгой малтай, тахиа, гахай бүхий эрчимжсан аж ахуйтай, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий мал аж ахуй, газар тариалан, хөгжсөн бүс нутаг юм.
Хан-Уул дүүрэг нь Нийслэлийн түүхэн дурсгалын өлгий билээ. 1893 оноос эхлэн барьж 1906 онд дуусгасан Богд хааны ногоон ордон Хан уулийн хормойд, Хатан Туулын хөвөөнд оршин эрт цагийн түүхийг эдүгээ цагт өртөөлсөөр буй.
Богд хааны ордон музей нь XIX зууны Бурханы шашин, соёл заншлыг өөртөө агуулсан өдгөө хамгийн үнэ цэнэтэй түүхийн дурсгал юм. Шинээр байгуулсан Богдын цэцэрлэгт хүрээлэн нь Нийслэл хотдоо өнгө нэмсэн, хөшөө дурсгалууд бүхий томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болоод байна. Их хотоо тольдох өндөрлөг цэг болсон Зайсан толгой, Буддагийн цэцэрлэгт хүрээлэн, Соёмбот толгой, хувьсгалт Монгол танкны хөшөө, Торгоны замын билэг тэмдэг болсон тэмээн жингийн цуваа, Монгол гэрийн их соёмбот багана, Ажилчны алдар хөшөө хөдөлмөрчин, ажилчин, эгэл ардын гараар бүтсэн хөшөө дурсгалууд нь ч өөр өөрийн үнэ цэнэ, үүх түүхээ агуулсаар Хан-Уул дүүргээ чимсээр байгаа нь бахдалтай.
Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэхээр Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулан Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан тохижилтын ажлыг байгалийн материалаар тохижуулж байна.
Хан-Уул дүүрэг энгүй авьяастнуудын ордон билээ. Хан- Уулаа цуурайтуулж, хатан Туулаа цалгиулж, урлагийн олон авьяастнууд энэ л дүүргээс төрөн гарсан байдаг.
86 жилийн түүхтэй ”Ажилчны Соёлын” ордон нь Монголын анхны томоохон Соёл урлагийн байгууллага нь байсан төдийгүй Монголын улсын соёл урлагийн салбарын Төрийн шагналтан, Генерал, Ардын цолтон, Хөдөлмөрийн баатар, Гавъяат, Улсын баатар цолтонууд Хан-Уулын хөвөөнд төрж өссөөр байна. Өдгөө ч тэднийхээ алдар гавъяаг үрэгжилүүлэн Хан-Уул дүүргийн авъаслаг уран бүтээлчид уран бүтээлээ туурвисаар байна. Мөн цэнгээнт бүжгийн “Хатан туул” хамтлаг цалгиж халигсан амжилтаар жигүүрлэж бүжгийн спортын гоо сайхнаар залуусыг дэлхийд түүчээлж буй.
Хан-Уул дүүрэг уул ус, ургамал моддын өлгий нутаг юм. Ан амьтан, ургамал мод рашаан усны нөөц агуулсан байгалийн үзэсгэлэнт газар билээ. “Эко-Эрүүл дүүрэг” зорилтыг дэвшүүлэн цэцэрлэгт хүрээлэн бүхий тохижилтын ажлуудыг хийж хэрэгжүүлснээр их хотдоо өнгө нэмж иргэдийнхээ ая тухтай амарч тухлах боломжтой цэцэрлэгт хүрээлэнгүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр буй. Мөн Эко дүүрэгтээ ойн зурвас байгуулж, ногоон орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд Айцын аманд 100 га талбайд “ОЙН ТӨГӨЛ” байгуулах их ажлыг эхлүүлэн төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран тус ойн төгөлд 10,000 гаруй мянган мод тарьж, байнгын арчилгаа хийж, Эко орчинг хамтдаа бий болгосоор. Түүнчлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, мэдлэг мэргэжлээ зориулсан ахмад буурлууддаа зориулж “Эко ахмадын сувилал”-ыг ашиглалтад оруулсанаар ахмад буурлууд маань байгалийн сайханд тохь тухтай амарч сувилуулах, үйлчлүүлэх дуртай газар болоод буй.
Өдгөө Хан-Уул дүүрэг нь Нийслэлийн шинэ суурьшлын бүс болон тэлэн хөгжиж барилга байгууламж бүтээн байгуулалтууд нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөсөөр эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд чанартай, илүү хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ Нийслэлд жишиг өрхийн эмнэлэгүүдийг барьж байгуулан эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарал хандуулдаг дүүргээр нэрлэгдээд буй.
Хан-Уул бүтээн байгуулалтын оршил билээ. Нийслэл хотын томоохон бүтээн байгуулалтын анхдагчид Хан-Уул дүүрэгт сүндэрлэн боссоор байна. Шинэ Яармаг хороолол, шинэ суурьшлын бүс бий болж, барилга байгууламжууд өдрөөс өдөрт нэмэгдэн Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу хотын захиргаа Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт бууриа сэлгэн төвхнөөд буй. Олон Улсын Олимпын стандартад нийцсэн Монголын өвлийн спортын анхны цогцолбор “Мөсөн өргөө” ашиглалтад орж хүн бүрийн очих дуртай томоохон бүтээн байгуулалтын нэг болсон.
Мөн IC parк буюу Олон Улсын Соёлын Цэцэрлэгт хүрээлэнг иргэдийн чөлөөт цагаа эрүүл орчинд ая тухтай амарч зугаалах, ногоон технологийн шийдэлтэй бүтээн байгуулалтаас гадна Улсын төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадам болж, үүх түүх, уламжлал соёлоороо бахархан Монгол түмэн омогшдог билээ. Түүнээс гадна Олон Улс, тив дэлхийн тэмцээн наадмыг Монгол улсад зохион байгуулж эхэлсэн хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор Буянт-Ухаа спортын ордон Яармагийн дэнжид сүндэрлэн байдаг.
Шинэ сургууль, цэцэрлэгийн барилгууд шинээр ашиглалтад орж хүүхэд багачуудаа эрдмийн замаар замчилсаар байгаа бол, хүн бүхэн биеийн тамираар хичээллэх боломж нөхцлийг бүрдүүлсэн спортын заал танхимууд, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайнуудыг шинээр барьж байгуулсаар байна. Хотын зүүнээс баруун тийш зорчих ган төмөр зам, Яармагийн гүүр, уулын зам, эко зурвас, хойноос урагш чиглэгдсэн Энх тайвны гүүр гээд зорин очих газарт тань хүргэх авто замын сүлжээ бий. Эх орноосоо хүлгийн жолоог залж, эх нутагтаа ирэх хэн бүхэн, гадна дотны зорчигч жуулчид монголын анхны хурдны замаар довтолгон Чингис хаан нисэх онгоцны буудлыг зорьж ирж, буцдаг билээ.
Ийнхүү Хан-Уул дүүрэг өдрөөс өдөрт өнгө нэмэн, өөдлөн дэвшиж, үр хойчдоо өөрийн гэсэн үүх түүхээ өвлүүлж, өөдлөн дээшлэх хөгжлийн шатаар тэмүүлсээр байна….