|

ХӨДӨЛМӨР НИЙГЭМЛЭГИЙН АХМАД БӨХ МУ-ЫН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ АГСНЫ ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” барилдааны үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Хөдөлмөр нийгэмлэгийн ахмад бөх МУ-ын Дархан Аварга Д.Цэрэнтогтох агсны гэргий О.Отгончулуунд хүндэтгэл үзүүллээ.

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хуучнаар “Хөдөлмөр” нийгэмлэг нь Монгол Улсын Биеийн тамир спортын байгууллагуудын анхдагчдын нэгд зүй ёсоор ордог. “Хөдөлмөр” нийгэмлэг буюу Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын Төв комиссын 1946 оны 05 дугаар сарын 02-ны хуралдааны 6 дугаар тогтоолоор БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны дэргэд “Хөдөлмөр” нийгэмлэг нэртэй байгуулагдсан түүхтэй.

Тус нийгэмлэгээс олон улсын алдар цолтой бөхчүүд төрсөн бөгөөд хамгийн том цолтой бөх нь Д.Цэрэнтогтох дархан аварга юм. Д.Цэрэнтогтох (1951 – 2015 оны 8 дугаар сарын 26) нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын Гавьяат мастер, Хөдөлмөрийн баатар тэрбээр 1977 онд Ноосны үйлдвэрт мастер сургагч, 1981 оноос Ээрмэлийн үйлдвэрийн хангамжийн мэргэжилтнээр 1991 он хүртэл ажиллаж байсан. Үндэсний Их Баяр Наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 дугаар сарын 5-нд Гавъяат тамирчин цолоор шагнуулж байсан түүхтэй.