ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ, КОҮЧЛАБ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН “ХАЙРААР ДҮҮРГЭЕ, ХАНДЛАГААР ХӨГЖЬЕ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2025 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2-НД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тус төсөл нь дүүргийн 41 цэцэрлэгээс сонгогдсон 3 цэцэрлэг дээр хэрэгжиж, нийт 400 гаруй эцэг эх, багш ажилтнууд хамрагдан, сэтгэл зүй, харилцаа, өөрийгөө хөгжүүлэх, стрессээ удирдах чадваруудыг эзэмшсэн юм.
Хаалтын үйл ажиллагааны үеэр багш, ажилчид төслийн явцад цэцэрлэгийн орчинд гарсан бодит өөрчлөлтүүд болон хувь хүний хөгжилд мэдрэгдсэн эерэг нөлөөний талаар сэтгэгдлээ хуваалцсан нь үйл ажиллагааны онцлох хэсэг боллоо.
Баг хамт олны уур амьсгал эерэг болсон, хүүхдүүдтэй ажиллах хандлага зөөлөрч, харилцааны соёл төлөвшиж эхэлсэн зэрэг бодит өөрчлөлтүүд төслийн үр дүнг илтгэж байв.
Цаашид төслийг бусад байгууллага, цэцэрлэгүүдэд түгээн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал, хүсэлтүүд ч мөн илэрхийлэгдсэн бөгөөд “Хайраар дүүргэе, хандлагаар хөгжье” төсөл нь багш, эцэг эх, хүүхдийн харилцааг шинэ шатанд хүргэх чухал алхам болсныг оролцогчид онцлон тэмдэглэлээ.











